My photo
Хөх Монгол бүлгэм нь нийгмийн хэрэгцээ, захиалгаар байгуулагдсан учраас үндэстний эрх ашиг нь зөрчигдсөн элэг нэгт Монголчуудаа өөрсдийн боломжоор хамгаалан Монгол улсын хууль тогтоомжийг зөрчсөн гадаадын иргэд, байгууллагуудтай тэмцсээр ирсэн.Одоо ч тэмцсээр байна .Тэмцэх ч болно.Монгол хүн Монгол газар нутагтаа эзэн нь байх ёстой.Монгол үндэстнийхээ эрх ашгыг төрийн бодлогынхоо цөмд тавьсан Монгол хас их төрийг байгуулахын төлөө бид мөнхөд тэмцэж зүтгэсээр байх болно. Монголоо тойрсон бусад Монголчууд маань биднээс дууриал авч ямар ч улсаас хараат бус тусгаар тогтносон хүчирхэг Монгол Улсыг байгуулахын төлөө зүтгээрэй! Монголчууд биднийг Мөнх хөх тэнгэр ивээх болтухай!!!

ИЛ ЗАХИДЛЫН ТАЙЛБАР-ХАВСРАЛТ

Нэг. Үндсэн хуулийн үзэл санаа,заалт болон “Үндэсний аюулгүй байдлын тухай” хууль, “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын заалт,зарчимд харшилсан, улс үндэсний эрх ашигт ноцтой хохирол учруулж болзошгүй ба гарцаагүй учруулах зохицуулалт,зүйл,заалтын талаар: 1. “Ашигт малтмалын тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 4-т “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжтэй хамтран ашиглах тохиолдолд төрийн оролцоо 50 хүртэл хувь байж” болно гэжээ. Энд нэгд, дээд тал нь 50 хувь гэж хатуу хязгаарласан, хоёрт,0-50 хувийн хооронд ямар ч хэмжээтэй (бүр 0 хувь ч) байж болно гэсэн зохицуулалт агуулагдаж байна. Төрийн оролцоог ингэж 50 хувиас доош байхаар хязгаарлан боомилж байгаа нь улс,нийгмийн хөрөнгө,хүчээр тогтоосон ордуудын тусгай зөвшөөрлийг эзэмшиж буй цөөн компани, хувь хүний явцуу ашиг сонирхлыг хангахаас өөр зорилго,үндэслэлгүй юм. Төр хөрөнгөө зарцуулан байж тогтоосон ордоо ч улс орны хөгжлийн нөхцөл,шаардлагад зохицуулан эзэмшиж ашиглах эрхгүй болж байна гэсэн үг. Үүнээс болж төсөвт орох боломжтой орлого,ашиг төрийн оролцооны хэмжээнээс шууд хамааралтайгаар танагдан хязгаарлагдаж, тэр хэрээр улс,нийгэм шууд хохирох бөгөөд энэ нь Таван толгой мэт томоохон ордын хувьд олон жилийн дүнгээр авч үзвэл наанадаж хэдэн зуун тэрбум төгрөгөөр хэмжигдэх хөрөнгө байх нь гарцаагүй юм. Энэ бүхэн нь “Монгол улсад ... байгалийн ...баялаг гагцхүү ард түмний мэдэл(д) …байна” гэсэн Үндсэн хуулийн үзэл санаа,заалт (6дугаар зүйлийн 1)-ыг бүдүүлгээр зөрчиж байна. 2. Дээрхтэй бараг ижил зохицуулалт хуулийн 5 дугаар зүйлийн 5-д давтагдаж байна. Энд ”Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигч хуулийн этгээдийн тухайн ордод ногдох хувьцааны 34 хүртэлх хувийг төр эзэмшиж” болно гэжээ. Төрийн эзэмшлийн хувь,хэмжээг 0-34 хувь гэж бас л хязгаарлаж байгаа нь тусгай зөвшөөрлийг эзэмшигчдийн ашиг сонирхолд нийцүүлэхээс өөр бодитой үндэслэл, шалтгаангүй зохицуулалт болжээ гэж бид үзэж байна. Яагаад заавал 34 хувиас доош байх ёстой, зарим баялаг агуулгатай, нөөц ихтэй ордод яагаад үүнээс дээш байж болохгүйг энэхүү тоог тависан цөөн хүн л мэдэх нууц зүйл байх бололтой. 34 хүртэл хувь байж болно гэдэг нь нэг мөр ойлголт биш бөгөөд хэн нэг түшмэлээс хамаарч төр оролцохгүй байж ч болно гэсэн далд санааг илэрхийлж байгаагаараа маш хорон агуулгатай байна. Дээрх тоог Оюу толгойн ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч гадаадын хөрөнгө оруулагчид зориулж оруулжээ гэж үзэх үндэс байна. Төрийн оролцоог бүх тохиолдолд 34 хувиас бага байхаар хуульчилж байгаа нь зарчмын хувьд буруу төдийгүй улс оронд асар их хохирол учруулах болно. Тухайлбал, манай үндэсний өмч баялгийн сор болсон Оюу толгойн ордоос олж болох цэвэр (ногдол) ашгийн 66-гаас доошгүй хувь гадаадын хөрөнгө оруулагчийн өмч болж хувирна. Энэ нь гайхалтай өндөр ашгийн төвшинтэй гэх уг ордын хувьд нэг жилд л гэхэд доод тал нь олон зуун тэрбум төгрөгийн асуудал байх бөгөөд төрийн оролцоог анхнаасаа бага байхаар хуульчилж байгаагийн балгаар Монгол улсын төсөв ирээдүйд асар их хэмжээний орлогоо алдах нь тодорхой байна. Энэ байдлаар бол эзэн орон өөрийн мэдэлд байлгаж болох (“Эрдэнэт” үйлдвэрээс хавьгүй арвин) хөрөнгө,санхүүгийн эх үүсвэрийг бусдад найр тавин өгч ирээдүйн хөгжлөө тэтгэн санхүүжүүлэх ихээхэн боломжоо алдах нь ээ. Гадаадын “донор” орон,байгууллагаас хараат өнөөгийн тэвчишгүй байдлыг аажмаар гэтлэн давах үндэсний хөгжлийн эрмэлзэл,зорилго,бодлогод ч маш хүнд цохилт болох нь. Хуулийн бусад заалт(29.2 ба 27.1.5)-тай уялдуулан авч үзвэл энэ зохицуулалт нь үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж болзошгүй юм. Дээр дурдсан бүхэн нь Үндсэн хуулийн үзэл санаа, заалт(6дугаар зүйлийн 1)-д нийцэхгүй байгаа төдийгүй “Үндэсний аюулгүй байдлын тухай” хуульд “улс, үндэснийхээ язгуур ашиг сонирхлыг эрхэмлэх” талаар тусгагдсан үндсэн зарчим(4.1.1)-ыг зөрчиж байна. Улс орны санхүү,эдийн засагт гарцаагүй хохирол учруулахаас гадна эдийн засгийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй энэхүү алдаатай зохицуулалт нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын 32дугаар заалтад тодорхойлсон Монгол улсын тусгаар тогтнол,бүрэн эрхт байдлын тулгуур үндсийг ч хөндөх хэмжээний асуудал болж мэдэхийг үгүйсгэх аргагүй юм. 3. Хуулийн 29дүгээр зүйлийн 2-т “Эхний 5 жилийн хөрөнгө оруулалтын хэмжээ 50 саяас дээш америк доллартой тэнцэх бол 10, 100 саяас дээш америк доллартой тэнцэх бол 15, 300 саяас дээш америк доллартой тэнцэх бол 30 жилийн хугацаагаар энэ хуулийн 29.1.-д заасан гэрээ байгуулна” гэжээ. Энэ заалтыг, ялангуяа 30 жилийн хугацаатай гэрээ байгуулах тухай хэсгийг маш их уршигтай алдаа болно гэж бид үзэж байна. 1997 оны хуульд Тогтвортой байдлын гэрээг эхний удаад дээд тал нь 15 жилийн хугацаагаар байгуулна гэж байсныг шууд 2 дахин өсгөж 30 жил болгож байгаа нь бүр цадигаа алдсан хариуцлагагүй хэрэг мөнөөс мөн. Зах зээлийн нөхцөл байдал хэдхэн жилийн дотор хэр их өөрчлөгдөж,түүний улмаас олон жилээр байгуулсан гэрээний үнэ цэнэ хэрхэн хувирдагийг Бороогийн алтны уурхайн гашуун туршлага бидэнд бэлхнээ харуулсаар атал үүнээс сургамж авалгүй 30 жилийн урт хугацаагаар улс орон,хойч үеэ ашиг багатайхан гэрээний нөхцлөөр дөнгөдөн чөдөрлөх гэж байна. Гэрээний хугацааг орд ашиглах техник-эдийн засгийн үндэслэлд тулгуурлан тогтоохын сацуу эхний удаад 15 жилээс хэрхэвч хэтрүүлж болохгүй гэж бид үзэж байна. 30 жилийн тухай заалтыг Оюу толгойн ордын лиценз эзэмшигчийн ая таалалд нийцүүлэн хуульд оруулжээ гэж үзэх үндэстэй. Үүнийг хууль эцсийн хувилбараар баталгаажиж хүчин төгөлдөр болоогүй (УИХ-ын дарга гарын үсэг зураагүй, Монгол улсын Ерөнхийлөгчид өргөн бариагүй, Ерөнхийлөгч хориг тавих бүрэн эрхээ эдлээгүй) байхад “Айвенхоу майнз” ХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Ж.Макены 2006 оны 7дугаар сарын 10-ны өдөр хуулийн талаар яаравчлан үнэлэлт дүгнэлт өгч хийсэн мэдэгдэл гэрчилнэ (“Ардын эрх”, 2006.07.17-ны №134). УИХ-ын дарга Ц.Нямдорж ”Гадаадын пүүс компаниуд, тэдний төлөөний хүмүүс Монголын ашигт малтмалын ертөнцийн бодлогыг тодорхойлох оролдлого явж байна....Уул уурхайнхан хэн нэгэн гадныхнаар дамжуулж Монгол төрийн бодлогод нөлөөлөх оролдлого хийхгүй байх ёстой. Гадаадын нэг компани гарлаа гээд айлгахаар нь Монгол Улс тэрнийх нь дагуу ганхаад л шийдвэр гаргаад байвал төр улс гэж байгаад яах юм. Харамсалтай нь ийм юмнуудын гар хөл болж яваа монголчууд олон байна” (“Өдрийн сонин”,2006.06.23-ны №161) гэсэн нь бодит үнэн агаад, харамсалтай нь энэ нь хуулийн олон заалтад тусгалаа олжээ. 4. Одоо Монгол улсын нутаг дэвсгэрийн 43 хувь нь ашигт малтмал судлах, ашиглах тусгай зөвшөөрөл(лиценз)-ийн талбайгаар бүрхэгдэж, 6000 гаруй лиценз олгогдож, хэдхэн цөөхөн аж ахуйн нэгж, гадаад, дотоодын иргэдийн гарт хэдэн зуун лиценз хуримтлагдаж, үндэсний баялаг хар захын наймааны хэрэгсэл болж, зарим аймаг, сумын нутаг тэр чигээрээ лицензийн талбай болж, нутгийн иргэд аж ахуйгаа хөтлөн явуулах, амьдрахад ч саад бэрхшээл учирч, байгаль орчин ноцтой сүйтгэгдэж байгаа тухай жишээ баримт хангалттай бий. Гэтэл эл байдлыг таслан зогсоох, цэгцлэх талаар хуулинд тодорхой зүйл,заалт орсонгүй. “Ашигт малтмалын тухай” хуулийг дагаж мөрдөх шинэчилсэн журмын 3 дугаар зүйлд лицензийг шинэчлэн бүртгэхдээ 1997 оны хуулийг дагаж мөрдөнө гэсэн хачин заалт ч орсон байна. Түрүүлж өргөдөл гаргаж бүртгүүлсэнд нь тусгай зөвшөөрөл олгодог,нэг этгээдэд олгох тусгай зөвшөөрлийн тоог хязгаарладаггүй 1997 оны хуулийн дагуух практикийг үндсэнд нь үргэлжлүүлэхээр шинэ хуулинд тусгажээ.Ингэснээр АМХЭГ-ын цөөхөн албан тушаалтан “лиценз тараадаг” хуучин практик хэвээр үлдэх нь. Газрын хэвлийг ухаж онгичих, байгаль орчныг сүйтгэх хэмжээ хүрээ багасах биш, харин ч нэмэгдэх нь. Энэ бүхэн нь “байгалийн нөөцийг зохистой ашиглах,хамгаалах бодлогын харьцаа алдагдсанаас хүний амьдрах орчин,эдийн засагт үүсэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх” талаар Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тусгагдсан заалтад (52.) харш зарим бусармаг үйлдлийг үргэлжлүүлэх хууль зүйн нөхцлийг бүрдүүлж байна гэж үзэж болохоор байна. 5. Хуулийн 29дүгээр зүйлийн 1-д заасан Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах хэмжээний хөрөнгийн чадвартай дотоодын хөрөнгө оруулагч байхгүй байгаа нөхцөлд энэ заалт нь үнэндээ гадаадын хөрөнгө оруулагчдад зориулагдсан болж таарч байгаа юм. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “гадаад орны хөрөнгө оруулагчдад үзүүлэх аливаа хөнгөлөлт,тэдний эдийн засгийн сонирхлыг хамгаалах арга хэмжээг монголын үндэсний үйлдвэрлэгчид,хөрөнгө оруулагчдад үзүүлдэг хөнгөлөлт,эдийн засгийн нөхцлөөс давуутай болохоос сэргийлж,хяналт тавих” тухай заалт (35.3.11/) бий бөгөөд Хөрөнгө оруулалтын гэрээгээр баталгаажуулах тусгай нөхцлүүд нь энэхүү заалтад харшилж байна гэж үзэхээр байна. Хоёр. Хуулийн эдийн засгийн бодлого ба бусад зүйл,заалтын талаар 1. Хуулийн эдийн засгийн бодлогын гол цөм нь “роялти” хэмээх төлбөрөөр илэрхийлэгддэг бөгөөд энэ нь орд ашиглах тусгай зөвшөөрөл (лиценз) эзэмшигч аливаа хуулийн этгээд төрийн өмч болсон нөхөгдөшгүй баялаг эзэмшиж байгаагийнхаа төлөө төрд өгч байгаа онцгой, тусгай татвар билээ. Хуульд роялтийг нүүрс болон түгээмэл ашигт малтмалд 2,5 хувь, бусад ашигт малтмалд 5 хувь байхаар тогтоожээ.Энэ нь дэндүү ерөнхий, шудрага бус болжээ гэж бид үзэж байна. Ядахдаа ашигт малтмалын нэр төрөл, ордын газар зүй,эдийн засгийн байршил, олборлох нөхцөл, эдийн засгийн ач холбогдол, бүтээгдэхүүний нэр төрөл зэргээс хамаарч роялти нь ялгавартай тогтоогдох ёстой. Ард түмнээ орон сууцаар хангах, 40 мянган айлын орон сууцыг барих ажлыг төрөөс дэмжиж л байгаа юм бол элс,хайрга олборлоход 0,5-1 хувийн роялти байж болно, эсхүл огт роялтигүй ч байж болно. Хэрвээ зэсийн баяжмал, төмрийн баяжмал гаргавал арай өндөр роялти, ган юм уу зэс халуулах үйлдвэр байгуулвал бага роялти тогтоох гэх мэтээр төрийн бодлого энд тусгагдах ёстой юм.Шороон ордоос олборлосон хамгийн хямд зардалтай алтад 7,5 хувийн роялти байсныг 5 хувь болгож бууруулсан нь алхам ухарсан үйлдэл гэж бодогдож байна. 2. Гэнэтийн ашгийн татвар мэтийн гадаад, дотоодынхныг бухимдуулсан, цочроосон үйл ажиллагааг байн байн үйлдмээргүй байна. Татварын ба Ашигт малтмалын хууль муу учраас ийм үзэгдэл гарч байна гэж бид үзэж байна. Энэ хуулиар 68 хувийн татварыг нэг мөр болгох ёстой байсан. Тухайлбал, алтны хувьд 68 хувийн татвараа цуцлаж, роялтийг 7,5 хувиар хэвээр үлдээсэн байхад алт олборлогчид ч талархалтай хүлээж авна, улс орон ч хожино, алтны хар захын наймаа эцэс болж, Монголбанкны эрдэнэсийн сан арвижина. Зэсийн хувьд гэхэд үнийн шатлалтай роялтийг тогтоох ч юм уу, эцсийн бүтээгдэхүүнийг урамшуулах төлбөр тогтоож болох байсан. 3. Манай улсын эдийн засагт зэс, алт, хайлуур жонш, төмрийн хүдэр олборлолт гол эерэг нөлөөг үзүүлж байгаа бөгөөд цаашид ч таатай нөлөө үзүүлэх нь ойлгомжтой байна. Иймд юуны түрүүнд эдгээр төрлийн ашигт малтмалыг олборлох төрийн оновчтой бодлого, эдийн засгийн хөшүүргийг тогтоох нь гол асуудлын нэг мөн. Тухайлбал, зэс хайлуулах үйлдвэр байгуулсан нөхцөлд роялтийг 5 хувь, баяжмал экспортлосон нөхцөлд гэнэтийн ашгийн татварыг цуцлаж, роялтийг 8 хувь, хайлуур жоншны баяжмалд роялтийг 5 хувь, хүдэр гаргах нөхцөлд 8 хувь, төмрийн хүдэр гаргавал роялтийг 8 хувь, ган хайлуулах үйлдвэрт 4 хувь гэх мэтээр тогтоож болох юм. Энэ дашрамд тэмдэглэхэд,татварын багц хуульд ашгийн татварын босгыг өндөрсгөж, 3 тэрбум төгрөгөөс дээш ашигтай бол 25 хувийн татвар авахаар шийдвэрлэсэн нь уурхайн салбарын хувьд оновчтой шийдвэр биш гэж үзэж байна. 4. Хайгуулын ажлын зардлын доод хэмжээ 2-3дахь жилд 1 га-д 0,5 доллар байхаар тогтоосон нь геологи, эдийн засгийн үндэслэл муутай байна. 50000-ын масштабын эрлийн ажил хийх тусгай зөвшөөрлийг 150-160 мянган га талбайд авахад 80 мянган доллар шаардлагатай болно. Үүнийг хэр барагийн монгол хүн, аж ахуйн нэгж гаргаж чадахгүй. Энэ нь ахиад л гадны хөрөнгө мөнгөтэй хүмүүст зориулсан хууль болсон юм биш байгаа гэсэн сэтгэгдэл төрүүлж байна. Иймд хайгуулын ажлыг хийсэн ажил, гарсан үр дүнгээр нь үнэлдэг байвал зохино. 5. Төрийн өмч болох байгалийн баялгийг судлаж, ашиглаж байгаагийн хувьд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч бүр төрийн эрх бүхий байгууллагатай гэрээ байгуулж ажиллах ёстой. Гэтэл энэ талаар хуульд тусгайлсан зүйл,заалт алга байгаа нь лицензийг хэдэн арваар нь хав дарах, хар захын наймаа өрнөн хөгжих нөхцлийг бүрдүүлсэн 1997 оны хуулийн гашуун сургамжийг үргэлжлүүлэхээр байна. Хөрөнгө оруулалтын хэмжээ эхний 5 жилд 50 сая доллароос дээш байх нөхцөлд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаар хуульд тусгажээ. Энэ хэмжээг яаж үндэслэсэн нь ойлгомжгүй байна. Хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг нь 1997 оны хуулийн “дүрээ хувиргасан тогтвортой байдлын гэрээ” мөн бөгөөд ямар нэгэн аж ахуйн нэгжийг ялган авч “тусгай гэрээ” байгуулах шаардлагагүй, аливаа аж ахуйн нэгж хуулийн өмнө адил тэгш эрх, үүрэг хүлээнэ гэсэн зарчмыг баримтлах нь зүйтэй. Энэ утгаар хөрөнгө оруулалтын гэрээ гэдгийг зөвхөн 50 сая доллароос дээш хөрөнгө оруулагчтай биш, бүх хөрөнгө оруулагчтай байгуулах нь зүйтэй бөгөөд тэгэхдээ Сангийн сайд гэрээ болгонд оролцох шаардлагагүй, харин уул уурхайг хариуцсан төрийн захиргааны төв байгууллага үүнийг шийдэж болно. Хөрөнгө оруулалтын гэрээнд тухайн ордыг ашиглах техник-эдийн засгийн үзүүлэлтүүд, эцсийн бүтээгдэхүүний нэр төрөл, хамтран ажиллах хэлбэр, эрдэс боловсруулалтын судалгаа, дэд бүтцийн тухай зэрэг зарчмын асуудал тусгагдах ёстой. 6. Тусгай зөвшөөрлөөр олгох хайгуулын талбайн дээд хэмжээ 400 мянган га байгаа нь үндэслэлгүй өндөр байна. Геологийн судалгааны практик болон бидний саналаар энэ хэмжээ 10 мянган га-гаас дээш байж болохгүй. 7. Хуулийн 5дугаар зүйлийн 5-д “хуулийн этгээдийн тухайн ордод ногдох хувьцааны 34 хүртэлх хувийг төр эзэмшиж” болно гэсэн нь бүрхэг томъёолол болжээ. Учир нь, зарим тохиолдолд гадаадын хөрөнгө оруулагч этгээдийн тухайн ордод ногдох хувьцааны хэмжээг бодитой тодорхойлох боломж Монголын талд бараг байхгүй. Үүний оронд ядахнаа “хуулийн этгээдийн нийт хувьцааны 34 хүртэлх хувийг” гэж томъёолсон бол хожим нь ямар ч маргаангүй зүйл болох байв. 8. Мөн “(с)тратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжина” гэжээ (5дугаар зүйлийн 6). Энд нийт,энгийн, давуу эрхтэй хувьцааны аль нь болох нь тодорхой бус байна. Гэтэл “Айвэнхоу майнз” компани нийт хувьцааны биш, зөвхөн энгийн хувьцааныхаа 10 хувийг арилжина гэсэн ойлголттой байгаагаа хууль хүчин төгөлдөр болоогүй байхад (өнгөрсөн сарын 10-нд) албан ёсоор мэдэгдчихээд сууж байна. . 9. Энэ хууль нь Монгол улсад хатуу ашигт малтмал судалж олборлож байгаа бүх харилцааг зохицуулах ёстой. Олон жил яригдаж байгаа боловч одоо хүртэл шийдэгдээгүй байгаа “гар аргаар ашигт малтмал олборлох” хуулийн төсөл, уурхайн харуул хамгаалалтын асуудал зэрэг өнөөгийн тулгамдсан асуудлыг ч энэ хүрээнд оруулж, эсвэл энэ хуультай нэгэн зэрэг харилцан уялдаатай шийдвэрлэх хэрэгтэй байсан юм. Хуулийн 3дугаар зүйлийн 2-т “(г)ар аргаар болон бичил уурхайгаас ашигт малтмал ашиглахтай холбогдсон харилцааг тусгайлан хуулиар зохицуулна” гэжээ. Ашигт малтмалын хууль цогц байх ёстой бөгөөд гар аргаар ашигт малтмал олборлох практикийг уг нь хориглох ёстой. Учир нь нийгэмд үзүүлж буй сөрөг нөлөө,хор уршиг нь өгч буй үр дүнгээс нь хавьгүй их байгаа юм. 10. Хуулийн 21дүгээр зүйлийн 1.2-т хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн “онцгой эрх” гэх томъёоллыг гэнэт үндэслэл болгон хэрэглэсэн атлаа энэ “онцгой эрх”-ийн тодорхойлолтыг хаана ч өгөлгүй орхигдуулжээ. 11.Хайгуулын ба ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авах, лицензийг олгох,хугацааг нь сунгах,цуцлах зэрэг үйл ажиллагаатай холбогдсон бүртгэх,хянах, шийдвэрлэх, мэдэгдэх ажлыг гүйцэтгэхэд ажлын 2,3,5 өдөр гэх мэт хэтэрхий яаруу давчуу цаг хугацаа тогтоон өгч байгаа нь бодит бус бөгөөд гагцхүү лиценз хүсэгч,эзэмшигчдийн ашиг сонирхлыг аль болох түргэн ханган биелүүлэхэд чиглэгдсэн, хариуцлагагүй үйлдэл,байдал үүсэх нөхцлийг бүрдүүлсэн зохицуулалт болж байна гэхэд нэг их хилсдэхгүй. Ганц жишээ хэлэхэд, хуулийн 26дугаар зүйлийн 5-д “Өргөдөл гаргасан этгээд тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг хийснээс хойш ажлын 3 өдрийн дотор Кадастрын алба ашиглалтын тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаагаар” олгоно гэж заажээ. 30 жилийн турш эзэмших лицензийг заавал 3 өдрийн дотор авахаар тэгэж их яаруулаад байх шаардлага байдаг л учраас хуулийг ийнхүү боловсруулжээ. Энэ мэт зохицуулалт хуульд дүүрэн байна. 12. Энэ хуулиар геологи,уул уурхайн асуудал хариуцсан байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг үндсээр нь өөрчлөх ёстой байсан юм. Гэтэл ашигт малтмалыг судлах, ашиглах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах төрийн захиргааны мэргэшсэн төв байгууллага бий болгох саналыг зориуд орхигдуулсан байна. Энэ нь цаад утгаараа Монгол улсыг богино хугацаанд хурдацтай хөгжүүлэх, ард түмний амьжиргааны төвшнийг түргэн дээшлүүлэхэд голлох ач холбогдолтой нөхөгдөшгүй баялгийг эзэмших, хариуцах асуудлыг эзэнгүйдүүлэх бодлого үргэлжлэх нөхцөл бололцоог олгож байна. 1997 оны хуульд байсан “Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх байгууллагын бүтэц,тогтолцоо” гэсэн 9дүгээр бүлэг бараг тэр чигээрээ шинэ хуульд орсон нь энэ хууль үндсэндээ 1997 оны хуулийн хуулбар болсныг бас дахин харуулж байна. 1997 оноос хойш АМХЭГ гээч байгууллага Монгол улсын эрх ашгийг уландаа гишгэж, гадаад, дотоодын хэсэг бүлэг хүний ашиг сонирхолд үйлчилж ирсэн тэр гашуун сургамжийг бас дахин давтаж мэдэхээр байна. Бид энд зөвхөн хуулийн агуулгатай холбоотой зарчмын зарим асуудлыг хөндсөн бөгөөд харин зүйл,заалтуудын уялдаа холбоо, зөрчилтэй байдал, хэл найруулгын ба техникийн чанартай алдааны талаар авч үзсэнгүй. Эцэст нь дүгнэж хэлэхэд, энэхүү хууль нь Үндсэн хуулийн үзэл санаа ба 6.1. заалтыг зөрчсөн, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, үзэл баримтлалын зарим заалт,зарчимд харшилсан, Монголын төр,ард түмний язгуур эрх ашгийг зохих ёсоор харгалзаагүй, үндэсний баялгийг үрэн таран хийж, хувьд ашиглах үзэл санаа бүхий 1997 оны хуулийн шууд үргэлжлэл, залгамж болжээ гэж бид үзэж байна. “Ашигт малтмалын тухай” хуулийг боловсруулахад иргэд болон төрийн бус байгууллага, эрдэмтэн, мэргэжилтнийг өргөн оролцуулж,олон хүний саналыг авч тусгасан мэт ухуулга,сурталчилгаа явагдсан нь бодит байдалд огт нийцэхгүй бөгөөд үнэн хэрэгтээ олон сараар алгуурлан цаг хугацаа алдаж, явцуу ашиг сонирхол бүхий гадаад,дотоодын хэсэг бүлэг хүний явуулга,лоббигийн нөлөөн дор түргэн түүхий боловсруулсан төслийг хязгаарлагдмал хүрээнд хэлэлцсэн болж, баяр наадмын яг өмнө УИХ-аар үндсэндээ хаалттай хэлэлцэж хам хум баталсан нь бүх талаар тун түүхий хууль гаргахад хүргэжээ гэж бид дүгнэж байна. Эдийн засгийн ухааны доктор,уурхайн инженер С.АВИРМЭД Геологи, эрдэс судлалын ухааны доктор, профессор Ж.БЯМБА Техникийн ухааны доктор, профессор, баяжуулагч инженер М.ДАМДИНСҮРЭН Геологи, эрдэс судлалын ухааны доктор Ч.ХУРЦ Эрдсийн баялгийн эдийн засагч, магистр С.БОЛД Геологич, магистр Д.САНЖААДОРЖ Олон улсын харилцааны эдийн засагч Р.ЭРХЭМБАЯР 2006 оны 8 дугаар сарын 7. Улаанбаатар хот